Батбаяр
2014-04-15
Илтгэл

 

ДАЯАРЧЛАЛ БА СҮЛЖЭЭНИЙ КАПИТАЛИЗМ

Түлхүүр үг: Аж үйлдвэрлэлийн хувьсгал, капитализмжсаны дараах нийгэм, сүлжээний капитализм, мэдлэг ба технологи,  даяарчлал түүний олон утгууд

Оршил

Орчин үеийн нийгмүүд даяарчлалын хувьд улам бүр адилсаж буйн цаад шалтгаан нөхцөл бол онолын мэдлэг болон технологийн нэгдэлд шинээр бий болсон постмодерн нөхцөл байдалтай холбоотой. Даярчлалын нөхцөлд сүлжээний капитализмын нөлөө нь нийгмүүдийг улам бүр адилсах үндсэн нөхцөл болж байна.

Даяаршлалыг нэр томъёоны комисс дээр дараах олон утгаар орчуулан хэрэглэх хандлага байна. Үүнд даянжилт, даяанчлал, даяаршил, даяарчлал, дэлхийчлэл, дэлхийжлэл, даяаршуулал, дэлхийшүүлэл, дэлхийжүүлэх, глобалчлал гэж хэрэглэх нь түгээмэл байна[1]. Глобализаци гэдэг нэр томъёог төдийлөн оновчтой биш гэж үзэх хандлага байгаа ажээ. Зарим судлаачид эдийн засаг соёлын харилцан хамаарал аяндаа өргөжиж байгаа болохоос биш, ямар  нэгэн тодорхой стандарт, норм, хэм хэмжээг нийтэд тулгах үйл явц биш учраас “интернационалчлал” гэдэг нэр томъёог олон улсын эрх зүйн байр суурийн үүднээс хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна[2]. Мөн Америкчлал гэж үзэж болох юм гэсэн хандлагч зонхилж байна.

Глобалчлалын тухай анх АНУ-ын эрдэмтэн Т.Левитт 1983 онд, дараа нь Омэ 1990 онд “Дэлхий ертөнц хязгааргүй болж байна” номондоо хөгжүүлсэн сурталчилсан юм[3]. Мөн уг үзэл баримтлалыг Д.Дольфюс, К.Оме, С.Хантигтон, П.Бергер, А.Гидденс, К.Кумар зэрэг эрдэмтэд олон шинжлэх ухааны үүднээс тал бүрээс нь авч үзэн хөгжүүлжээ. Нийгмийн адилсалын уг үзэгдлийн техникийн суурь нь телевиз, дараа нь интернэт, гар утас болсноор дэлхий ертөнцийг нэгэн том тосгон болгон хувиргалаа.

Сүлжээний нийгэм буюу даяарчлалын тухай ярихын тулд капитализмийн түүхэн үүрэг, гол үнэт зүйлсийн өөрчлөлт, капитализмжсаны дараах нийгэм, сүлжээ, мэдлэгийн шинж чанарын  түүхэн өөрчлөлт, Техно (technе), аж үйлдвэрлэлийн хувьсгал, мэдлэгийн шинэ шинж чанар,  ач холбогдол, хийсвэрлэл, жинхэнэ биш бодит байдал зэрэг тулгуур ойлголтууд болон ерөөс барууны нийгэм шинэ үе шат, шинэ төлөв байдалд шилжиж байгаатай холбогдон нийгмийн философи, онолын социологи, нийгмийн танин мэдэхүйн онол арга зүйд гарч байгаа өөрчлөлтийн асуудлуудыг ойлгох шаардлага гарч ирлээ.

 П.Дракер орчин үеийн нийгмийн өөрчлөлтөд мэдлэгийн гүйцэтгэх үүргийн шинэ ач холбогдлын асуудлыг хөндөн тавьж аж үйлдвэрийн хувьсгалын нөлөө, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хурдац, далайц бүхий өөрчлөлт одоогийн нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодорхой авч үзсэн байна.

Үндсэн хэсэг

Капитализмын түүхэн хөгжил, түүний мөн чанарыг танин мэдэх нь даяарчлалын амин утга, мөн чанар, ирээдүйн дүр зургийг тод харах боломжийг олгодог. Капитализмын түүхэн үеүд болох 1750-1900 он буюу 150 жилийн хооронд капитализмын болон техникийн дэвшил бүх дэлхийг байлдан дагуулж шинэ даяаршлын соёл иргэншил бий болсон нь тийм ч шинэ зүйл бас биш юм. Гэвч уг үзэгдлийн хурдац далайц нь соёл, анги, газар зүйн саад тотгорыг нэвтрэн орж ирсэн нь капитализмыг том үсгээр эхэлсэн бүхэл бүтэн систем болгон өөрчилж техникийн ололтыг аж үйлдвэрийн хувьсгал болгон хувиргажээ.

Мэдлэг нь үйл ажиллагааны хүрээ болон өөрчлөгдөж баялгийн төрлүүдийн нэг, хэрэглэгчийн үйлчилгээний нэг хэсэг болсон. Олон үеийн туршид мэдлэг нь хувийн эд бараа байсан бол одоо нийгмийн эд бараа болон хувирсан. Аж үйлдвэрийн хувьсгалын эхний шатанд олон зуун жилийн турш мэдлэг нь хөдөлмөрийн багаж зэвсэг боловсруулах, үйлдвэрлэлийн технологийг боловсруулах, бэлэн бүтээгдэхүүний төрлүүдийг боловсруулахад ашиглагдаж байв.

1880 оны үед эхэлсэн хоёр дахь шатандаа мэдлэг нь шинэ ололтоороо түүнийг хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн II дайны сүүлчээр оргил үедээ хүрч гуравдугаар шат нь эхэлсэн. Өнөөдөр мэдлэг, шинжлэх ухаан  нь зөвхөн мэдлэгийн өөрийнх нь төрлийн хүрээнд хэрэглэгдэх удирдлагын хүрээний хувьсгал гэж нэрлэж болно.

Урьд нь капитализм нийгмийн нэг элемент, тодорхой нэг газар нутгийг хамарч, түгжигдмэл хүмүүсийн төөрөг байсан бол том үсэгийн капитализм нь баруун болон умард Европыг }0-1850 хамарч дараагийн 50 жилд гаригийн бүхийл амьд хүнтэй газар нутагт тархаж том үсгийн капитализм хаана л гарч ирнэ нийгмийн бүхийл давхрага руу нэвтэрч тэднийг хувиргаж байв. Хуучин бүх ойлголтууд өнөөдөр технологи гэдэг ойлголтоор солигдож байна.

Баруунд хөдөлмөр, цагийг аль эртнээс алдаршуулж ирсэн үнэт зүйл бол орчин үед мэдлэгийн шинэ ач холбогдол өссөн нэмэгдэхийн хэрээр мэдлэг өөрөө гол үнэт зүйл болж хувирлаа.

Платоны үеэс баруун болон дорно дахинд мэдлэгийн харьцангуй ач холбогдол болон үүргийн талаарх онолууд гарсан. Сократ мэдлэгийн цор ганц үүрэг нь өөрөө танин мэдэхүй, ёс суртахуун, оюун ухааны өсөлт гэсэн бол түүнийг шүүмжлэгч Протагор мэдлэгийн зорилго нь хүний илүү үр ашигтай хийдэг үйл гэжээ. Дорно дахин буюу Буддизм, Даогийн сургаалд мэдлэг боловсрол нь гэгээрэл мэргэн цэцэн ухаанд хүрэх арга гээд танин мэдэхүй мэдлэг нь хэзээ ч үйл ажиллагаанд чиглүүлнэ гэсэн үг биш ашигтай тал нь чадвар, дадал гэжээ. Сократ, Протагор чадвар, дадал буюу technе бол мэдлэг гэсэн утга биш чадварыг үгээр ч цаасан дээр ч гаргаж болохгүй түүнийг зөвхөн харуулж л болно. Эртний гар урчууд мастерууд хэзээ ч сургалтанд хамрагдаж байгаагүй гэхдээ тэдний ур чадварын нууцыг практик дээр хэн ч тайлж чадаагүй юм.

 “Технологи” гэдэг ухагдахуун 1700 оноос эхлэн хэдэн тавин жилийн турш бүрэлдэн тогтож байна. Энэ үг өөрөө technе-г дотороо агуулдаг. Гар урчуудын чадвар, дадал, ур авяъас дээр суурилсан үйлдвэрлэл нь маш хурдан техник, технологи дээр суурилсан үйлдвэрлэлд шилжихэд зохион байгуулалттай, системтэй, зорилго чиглэлтэй мэдлэгийн үндэс болж, анхны хөдөө аж ахуйн сургууль 1770 онд, анхны техникийн сургууль-зам гүүрийн сургууль 1747 онд Францад, 1776 онд анхны уул уурхайн сургууль, 1794 онд анхны техникийн их сургууль Францад, 1820-1850 мэдлэгийн системчлэгдсэн салбарт анагаах ухааны боловсрол, практик бий болсон ба 1750-1800 онд Англид анхын патент олгох болсон зэрэг нь аж үйлдвэрийн хувьсгалын үзэгдэл нийгмийн глобал өөрчлөн байгуулалт нь техникийн хөгжлийн үндэс дээр суурилсан. Аж үйлдвэржилтийн хувьсгал хүн төрөлхтөнд материаллаг ертөнцийг бүтээж өгсөн бол хөрөнгөтний хувьсгал нь эрх чөлөөг олголоо. Даярчлалын нөхцөлд Япон, Өмнөд Солонгос, Тайван, Хонконг, Сингапур зэрэг нь Тейлорын техник мэргэжлийн системийн хэрэглэж өндөр хөгжсөн ба түүний зарчим нь эдийн засгийн хөгжлийн цор ганц хөдөлгөгч хүч болж, эдүгээ үе дэх даяарчлалын үндсийг төвьжээ.

Мэдлэгийн шинж чанар, ач холбогдол-Капитализмжсаны дараах нийгмийн хөдөлмөрийн процесст мэдлэгийг ашигласнаар бүтээмж эрс дээшлэх болсон ба аж үйлдвэрлэлийн хувьсгал XVIII II- XIX II 100 жил үргэлжилсэн бол удирдлагын хувьсгал 50 доошгүй жил үргэлжлэх болно.

Менежмент гэдэг үг үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагааг удирдах томоохон худалдааны байгуулал дээр үүссэнч зөвхөн дээрх хоёр төрөл биш төрийн ба төрийн бус бүх байгууллагад хэрэгтэйг АНУ зөвшөөрөх болсон бол өнөөдөр бүх хөгжингүй орнууд мэдлэгийн ач холбогдлыг ойлгож, мэдрэх болсноор мэдлэгийн менежментийн үүрэг эрс өсслөө.

 Дарга, удирдагч, өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэн гэдгээс удирдагч, менежер гэдэг ойлголтод шилжиж уг ойлголт нь өөрийн мэдлэгийг хүмүүсийг зохион байгуулахад нь хэрэглэдэг хүн гэдэг утгаар тайлбарлагдаж байсан бол 50 оны эхээр утга нь өөрчлөгдөж удирдагч гэдэг үг нь хамт олны ажлын үр ашиг, үр дүнг хариуцагч хүн гэсэн утгаар өөрчлөгдсөн. Одоо бол мэдлэгийг үр ашигтай хэрэглэхийг хариуцдаг хүн гэж үзэх болов. О.Тоффлерийн үзэж буйгаар мөнгөөр олсон эрх мэдэл, мэдлэгээр бүтээгдсэн эрх мэдэл хоёр чанарын эрс ялгаатай болон нь тодорхой болж, даяарчлалын нөхцөл нийгмийн удирдлагын амин сүнс нь мэдлэгт тулгаарлан эрс өөрлөгдөж болжээ.

Мэдлэг нь гол үүргийг гүйцэтгэх болсноор одоогийн нийгмийг капитализмжсаний дараах нийгэм болгон хувиргалаа. Тухайн нөхцөл байдал нь нийгмийн бүтцийг үндсээр нь өөрчилж нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур шинэ хөдөлгөгч хүч болсноор араасаа улс төрийн хүрээний шинэ процессуудыг дагуулах болжээ.

Ерөнхий мэдлэгээс мэргэжлийн мэдлэгийн чиглэлд шилжснээр мэдлэгийн ерөнхий шинж чанар багасч өнөөдрийн амьдралын хэрэгцээнээс урган гарсан мэдлэг улам гүнзгийрч мэргэжлийн чиглэлтэй болж ирлээ.

Эртний нийгэмд өргөн мэдлэгтэй хүн, эрдэмтэй хүн, боловсролтой хүн гэх ойлголт зонхилж, мэдлэгийн зорилго нь өөрийгөө танин мэдэхэд чиглэж, үр дүн нь хүндээ үйлчилдэг Сократ, юу хэрэгтэй, яах хэрэгтэйгээ мэдэх явдал Протагор байжээ. Харин дундад зуунд тривиум буюу хэлний зүй, логик, яруу илтгэх зүй зэрэг зонхилж байсан ч одоо уг хэрэгсэл, хэргэлүүр нь юу хийх, яаж хийхийг шийдвэрлэж чадахгүй болсноор шинэ амьдралд хэрэглэгддэг мэдлэгийн хэргцээ шаардлага бий болсон.

Ф.Вебстер хэлэхдээ “Нийгмийн аливаа шинж өөрчлөгдөж байдаг нь капитализмын өөр өөр эрин үеүд гэгдэх XIX зууны хязгаарлагдмал капитализм, ХХ зууны нэгдмэл капитализм, XXI зууны мэдээллийн капитализмаар илэрхийлэгдэж байна. (2006 он Вебстер) гэжээ.

Ирээдүй өөрөө мэдээллийн хурдац дунд төрж, мэдээлэл өөрөө нийгмийн орчин болсонд өнөөгийн бодит байдал түүний амин сүнс нь оршиж байна. Цаг хугацааны хувьд мэдээллийн эрин гэдэгт гучин жилийн доторхи мэдлэгийн эдийн засаг, компьютерийн хурдацтай өргөн тархсан үеийг хэлдэг. Харин мэдлэгийн эрин гэдэг контекстын мөн чанар  болох компьютерийн хувьсал болон мэдлэгийн хувьсал нь тодорхой нэг хувьсалын шилжилтэд үүсдэг маш ихээр процесслогдсон үйл ажиллагааны үр дүн мөн.

Одоогийн нийгмийг эрдэмтэд дараах хэдэн мөчлөгт авч үзжээ.

·                Үндэстэн дамнасан сүлжээний капитализм мөн үндэстэн дамжсан мэдээллийн капитализм (Кристиан Фючс 2007-2008 он)

Компютерийн сүлжээ нь техникийн үндэс суурь, дэд бүтэц болж глобалчлагдсан сүлжээний капитализм шинээр төрөн гарсан нь глобалчлагдсан зохицуулалт, харилцаа бүхий шинэ технологи кибер орчны хэрэглээг бүтээдэг үндэстэн дамнасан сүлжээний байгууллагуудын эдийн засаг, улс төр, соёлын орон зай дахин бий болсноор илүү динамик тодорхойгүй бүдэг байдалтай болж энэхүү нийгмийн хил хязгаар нь үндэстэн дамнасан цар хүрээтэй болоход хүржээ. Гэхдээ глобальчлагдсан сүлжээний капитализм бүтцийн тэгш бус байдлын үечлэгдсэн хэсгээс бүрддэг гэвэл энэ үечлэл нь одоогийн нийгэмд ялалт байгуулж чадахуйц шинжийн өнгө төрх юм.

·                Дижитал капитализм (энэ мөчлөг нь Скиллер, Петер, Голоц 2000он). Сүлжээ нь урьд байгаагүйгээрээ нийгэм ба капиталист эдийн засгийн соёлын цар хүрээг нэгтгэж байдаг хэмээн соёлын призмээр тусгасан байна.

·                Виртуаль капитализм. Худалдаа, үйлдвэрлэл, шинэ мэдээллийн нэгдмэл цогц нь тодорхой нэг пүүсийн дээд зэргийн ашигтай орон зайд хүрээгээ тэлэх, томоохонд тооцогдох худалдааны газруудыг нээх боломжийг бүрдүүлж түүнчлэн капиталын бөөгнөрөл, төвлөрлийг бий болгоход агуу их нөлөөлөл үзүүлж байдаг. (Досан, Жон Беллэм, Постер 1998он)

·                Технологийн өндөр хөгжилтэй капитализм буюу мэдээлэлжсэн капитализм. (Фицпатрик 2002 он). Энэ нийгэм нь компьютер дээр гол анхаарлаа хандуулж чадсанаараа капитализмын бүтээгдэхүүн ба үйлдвэрлэх хүчний хоорондох шилжилт бүхий глобалчлагдсан эдийн засгийг үүсгэж байгаа юм.

Бусад эрдэмтдийн авч үздэг мэдээллийн капитализм (Моррис – Сүзүки 1997, Кристиан Фючс 2005, Сэхмэид 2006 Маннуйль Кастэлс 2000 нарын баримтлал юм. Гэвч дээх нь үеийн тодорхойлолтоос авч үзвэл мэдээллийн нийгэм гэдэг нь хаа нэг газраас шинэ мэдээлэл аваад түүнээ өөр нэг газар руу бие биедээ технологийн хөгжлөөр дамжуулан хүргэхийг хэлнэ гэж ээ. (Варк 1997)

Антонио Негри, Майкл Хардат нар: “Одоогийн энэ нийгэм бол материаллаг бус хөдөлмөр дээр суурилсан капиталист нийгмийг глобалчлагдсан логикоор илэрхийлсэн нэгэн вант улс юм” гэжээ. Тэдний хэлснээр материаллаг бус концепц, мэдээллийн нийгмийн дискурсын санаа нь тэдний яриад буй одоогийн капитализмын тооцоо юм.

Хүний нийгэм хөдөлмөрийн дараах нийгмийн шинэ шатанд шилжиснээр Материаллаг бус хөдөлмөрт тулгуурлах болов.  Үүнд: мэдлэг, мэдээлэл, холбоо харилцаа, хамтын ажиллагаа, сэтгэл хөөрөл, үйлчилгээ, соёл урлагийн  бүтээгдэхүүн мөн соёлын мэдлэг зэрэг багтдаг. Харин эдгээр хөдөлмөр нь дараах хоёр хэсгээс тогтдог.

1. Оюун санааны: санаа бодол, бэлгэ тэмдэг, код, текст, хэл шинжлэлийн төрөл загварууд, имидж гм

2. Идэвхитэй үйл ажиллагааны: мэдрэмж, тайвшрал, сэтгэл хангалуун байдал, сэтгэлийн хөөрөл, итгэл үнэмшил, хөөр баясал гэх мэт.

Мэдээллийн эдийн засаг, мэдлэгийн эдийн засаг хоёр нь мэдээлэл, мэдлэгийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байж, оюуны өмчөөр тодорхойлогдож интернэт, вэб сүлжээгээр дамжин, электрон худалдаа, электрон бизнесийн хэлбэрээр хийгддэг болсон нь даяарчлалын нөхцөлд нийгмүүд улам бүр адилсах бас нэг чухал шалтгаан болоод байна.

Мэдлэгийн үйлчилгээ, мэдлэгийн үнэ цэнэ эдийн засгийн контекстын агуулгад суурилсан байдаг. Харин мэдлэгийн үйлчилгээ нь мэдлэгийн байгууллагын дотоод орчин дох мэдлэгийн менежментийг нэгтгэж мэдлэгийг зах зээлд гаргаж худалдах худалдааг үйлдвэрлэдэг. Эдгээр бүх цаг мөчлөг нь шинээр гарч ирж буй аж үйлдвэржсэний дараах нийгэм дэх эдийн засгийн идэвхитэй үйл ажиллагааны нэгдмэл нэгэн мөн чанарыг илтгэж байна.

Сүлжээний нийгмийн асуудлыг хөндөн тавьсан эрдэмтэн бол М.Кастэлс бөгөөд орчин үеийн нийгмийн шинжлэх ухаанд К.Маркс, Э.Дюркгейм, М.Вебер нартай тэнцэхүйц нөлөө үзүүлсэн эрдэмтэн гэж үздэг. М.Кастелсийн 25 жилийн судалгааны үр дүн болж Мэдээллийн эрин 3 боть @0х цуврал судалгаа хэвлэгдсэн нь 20 гаруй хэл дээр орчуулагдаж, орчин үеийн судлаач шинжээчдэд ихэд нөлөөлжээ. Мөн “Хот ба иргэд” 983, “Мэдээллийн хот” 989, ”Сүлжээний нийгмийн өсөлт” 996 бүтээлүүд нь түүний нэр хүндийг улам өсгөсөн[4]. Тэрээр мэдээллийн капитализм”, сүлжээний нийгэм”, ”телематик нийгэм” гэдэг үзэл баримтлалыг батлан гаргасан. Нөгөөтэйгүүр мэдээллийн капитализм нь асар их глобалчлагдсан уян хатан байдлыг нэгтгэж байдаг.

          Аж үйлдвэржсэний дараах нийгмийн глобал шинжийн гол үндсэн асуудал нь хөрөнгө оруулалтыг юунд зориулах тухай асуудал л байдаг. Аж үйлдвэржсэний дараах засгийн газрууд оюуны үйлдвэрлэл, мэдээллийн технологи, үйлчилгээний секторууд, боловсрол, эрүүл мэнд гэх мэт гуравдагч, дөрөвдөгч, тавдагч салбаруудад, өөрөөр хэлбэл хүнд гол хөрөнгө оруулалтыг хийх стратегийг баримталж ирсэн[5].

Дүгнэлт

Эдүгээ мэдлэг ба технологийн нэгдэлд бий болж байгаа нийгмийн виртуаль өөрчлөлт, мэдээллийн хурд дунд шинэ мэдлэгийн нийгэм бүрэлдэн тогтох болсноор даярчлалын нөхцөлд улс гүрнүүд эдийн засгийн хувьд улам бүр адилсаж, хэлбэр, агуулгийн хувьд ч адилсах хандлагатай байна. Энэ нөхцөлд монголчууд бид мэдээллийн хүчтэй глобал урсгал дунд хэрхэн аж төрж, амьд үлдэх нь бидний өмнө тулгамдаж буй томоохон асуудал мөн.  Хүмүүс мэдлэг, мэдээллийнхээ хирээр хувцаслаж, хооллож, орчноо бүрдүүлж, аж төрөх болсон нь нэгэн хэвийн глобал дүр төрхийг буй болгох боллоо.

Ийм нөхцөлд монголчууд бид үндэсний соёл, ёс заншил, үнэт зүйлс, ёс суртахуун, соёлын биет болон биет бус өвөө улам бүр эрхэмлэн үнэлж, хадгалаж үлдэх асуудал нь мэдээлэлжсэн нийгмийн Женевийн болон Туниссийн тунхаглалын зарчимтай шууд тохирч байгаа юм.

Даяарчлагдасан мэдээллийн эрин үеийн талаар бичсэн цөөн хэдэн шилдэг хүмүүсийн нэг бол М.Кастелс мөн.  Тэрээр орчин үеийн дэлхийн  чиг хандлага, шинж чанарт онолын мэдлэг, баримт нотолгоогоор  дүүрэн анализ хийсэн нь мэргэжлийн бүтээл  болсон бөгөөд орчин үеийн дэлхий ертөнцийг онолын үүднээс ойлгоход чухал ач холбогдолтой болжээ. Энэ бүхнээс илүүтэй мэдээллийн урсгал хэрхэн явагддаг үүний тулд сүлжээг хэрхэн ашигладаг, өнөөдрийн бидний амьдралд хэр чухал нөлөөтэй байгааг тод харуулж чадсан юм. Анги давхрагын ялгаа, өөрчлөлт ба залгамж чанарын харилцаа, мэдээлэл гэдгийг юу гэж ойлгох, технологийн нөлөө зэрэг асуудлуудад бэрхшээл эрэгэлзээ байсаар байна. Эцэст нь орчин үеийг сүлжээний нийгэм гэж дүгнэн хэлсэнтэй нь маргах аргагүй бөгөөд энэ нь даярчлалын нөхцөл дэх нийгмийн адилсалын үндсэн нөхцөл болоод байна.

Аж үйлдвэржсэний дараах нийгмийн техникийн суурь нь даяарчлалын адилсах нөхцлийг бүрдүүлж байгаа ч түүний дангаарших нөхцөл нь тухайн түүхэн ард түмнүүдийн үндэсний соёл, уламжлалт нийгмийн үнэт зүйлс, социалист уламжлалын үнэт зүйлс, орчин үеийн үнэт  зүйлсийг хэрхэн хүлээн авч буйгаар тодорхойлогдох түүхэн хариуцлагатай үе ирээд байна.

 

Ном зүй

1.            Naisbitt  J. Megatrend. NY, 1982.

2.            Toffler  A.  The third wave. NY, 1981.

3.            Toffler A.  Powershif: Knowledge, Wealth and Violence at the age of the 21 st Century. NY, 1990.

4.            Tourain  A. New paradigm for understanding today’s world. NY, 2007.

5.            Webster  F. Theoies of information society.  third edition. NY, 2008.

6.            Батбаяр Ц. “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ”.  (Дисс). УБ., 2014

7.            Батбаяр Ц.  Орчин үеийн нийгмийн өөрчлөлтийг судлах онол, арга зүйн зарим асуудал” “Философи, онол практик” МУИС-ийн философийн салбарын 45 жилийн ой УБ., 2010

8.            Батбаяр Ц. “Философи”. УБ., 2005

9.            Батбаяр Ц. “Постмодерн нийгэм ба философи” Эрдмийн ертөнц сэтгүүл . УБ., 2010 

10.         Батбаяр Ц. “Аж үйлдвэржсэн нийгмээс мэдээллийн нийгэмд” Эрдмийн ертөнц сэтгүүл  УБ., 2011 

11.         Батбаяр Ц. “Мэдлэгийн эдийн засаг ба орчин үеийн нийгмийн өөрчлөлт хандлагад нөлөөлөгч хүчин зүйлс” өгүүлэл, Эрдмийн ертөнц сэтгүүл  УБ., 2012

12.         Батбаяр Ц. ”Аж үйлдвэржсэний дараах нийгэм ба үйлчилгээний технологийн асуудалд” МУИС-ийн НШУС. Философи шашин судлал (PRS) сэтгүүл Volume XIII 65 УБ., 2012

 


[1]  Ц.Батбаяр.Философи. УБ., 2005. 124 дахь тал

[2]  Мөн тэнд 124 дахь тал

[3]  Мөн тэнд 125  дахь тал

[4] F. Webster.  ‘’ Theories of the information society ‘’NY ., 2006  98-99 дэх тал

[5] Ц.Батбаяр. “ Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ”.  УБ., 2013 Дисс. 94 дэх тал


Comments


Бичлэг: 5 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн


Цэдэн-Ишийн Батбаяр

Сүүлийн бичлэгүүд

. СУРГАЛТ
. Үзүүлэн
. Илтгэл 3
. Илтгэл 2
. Илтгэл
. Бүтээлийн тойм
. Миний бичсэн номнууд
. Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Батбаяр




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax